Монголчууд бид Бурханы шашны өнө их өв уламжлалтай ард түмэн билээ. Бурханы шашин бол зүгээр л нэг итгэж биширч, аварч хамгаалахыг гуйдаг төдий шившлэг залбирлын шашин биш юм.

Тэр бол асар их гүн ухааны далай, уужим талбиун сэтгэлгээний эрх чөлөө, мөн бас эв эедэл, энх тайвныг өгөгч увдис сургаал, бодол эргэцүүллийн цогцлол билээ.

Тийм ч учраас эрт цагийн Монголын хаад, ноёд, эрхэм дээдсүүд энэ дэлхий дахины аугаа их гүн ухааны үүсгэл орон болсон Энэтхэг Жагар орноос гаралтай Бурханы шашныг эл Монгол нутагт залан авчирч, тэгснээр Бурханы шашин нь Монгол түмний зан заншилтай нягтад уялдан, яв цав тохирч суурьшаад эдүгээ цагт хүртэл уужим сайхнаар дэлгэрэн мандаж байна.

            Бурханы шашин нь Азийн олон улс орны төрөлх үндэсний шашин болсон бөгөөд өнөө цагт Европ, Америк, Австрали гээд тив орон гэлтгүй түүнийг судалдаг эрдэмтэд ч гарч, шүтэж биширдэг, шинжилж судалдаг болсон байна.

             Бурханы шашин нь улс орны эв нэгдэл, энх тайвныг тогтоон барихын суурь болдог чанартай шашин бөгөөд учир нь энэ шашныг үндэслэгч Бурхан Будда нь өөрийн энх тунх амьдран бүхий үедээ улс орныг эедүүлэгч, олон ардыг уужим талбиун амар амгалан болгогч ном зарлигийг айлдаж байсантай холбоотой ажээ.

            Энэ мэт байдлаас шалтгаалан, Бурханы шашныг Дэлхий дахины энх тайвнаар орших ёсонд тустай шашин юм хэмээн үзэж, түүнийг үндэслэгч Бурхан Будда буюу бидний нэрлэж заншсанаар Бурхан багшийн амьдрал зохионгуйн онцлогтой үе цагийг дурсаж тэмдэглэх ёслолыг хийдэг болсон бөгөөд үүнийг Монголчууд “Дүйчэн” хэмээн нэрлэдэг уламжлалтай.

            Манай Монгол улсын хувьд, анх 1956 онд Энэтхэгт болсон Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойд элч төлөөлөгчөө илгээж, энэ мэт олон улсын чанартай үйл явдалд хувь нэмэр оролцоог бий болгож байснаар барахгүй, 1970 онд “Азийн Буддистуудын Энх Тайвны бага хурал” хэмээх байгууллагыг санаачлан буй болгосон нь өнөөг хүртэл тасралтгүй үргэлжлэн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

            Гэвч Монголчууд бид Бурхан багшийн үйл амьдралын онцлог өдрүүдийг тэмдэглэдэг болсон нь өнө эртийн гарвалтай, өнө батад суурьшсан зүйл юм.

            Өвгөд дээдэс маань “Дүйчэн өдөр” гэсэн нэрээр эл ёслолыг андахгүй мэддэг байсан бөгөөд зул хүж өргөж, маани тарни уншиж, махгүй хоол идэж, мацаг санваар сахиж, өөр бусдад өглөг буяныг хийж өнгөрөөдөг заншилтай байсан нь өнөө цагийн бидний бас дагах журам заншил болоод байна.

ДҮЙЧЭН ГЭЖ ЮУ ВЭ ?

            “Дүйчэн” гэдэг нь “Их цаг” гэсэн утгатай агаад Бурхан багшийн амьдралын чухал үйл явдлын ойн өдөр гэсэн санааг агуулдаг.

            Бурхан багш бээр цаглашгүй буяны цогц бодгаль байсан гэдэг тул түүний алдар нэрийг дурдаж, үйл амьдралын зохионгуйг тэмдэглэх нь буянт сайн үр дүн, зол завшааныг урин дууддаг ажээ.

            Бурхан багшийн амьдралын найман чухал үйл явдлыг тэмдэглэдэг “Дүйчэн өдөр”-үүд байдаг.

  1. Эснэсэн дүйчэн /Эхийн хэвлийд оршсон/
  2. Бие лагшин мэндэлсэн дүйчин
  3. Гэрээс гарч тойн хуврагийн замд орсон дүйчин
  4. Гэгээрсэн Будда болсон дүйчэн
  5. Ном сургаалаа айлдсан дүйчэн /Номын хүрд эргүүлсэн/
  6. Тэнгэрээс буусан дүйчэн /Эхийн ач хариулсан/
  7. Тэрс номтон багш нарыг зөв замд оруулсан /Риди хувилгаан үзүүлсэн/
  8. Таалал төгссөн дүйчэн /нирваан дүр үзүүлсэн дүйчэн/

гэсэн энэ найман дүйчэн өдөр байдаг бөгөөд эдгээрээс зуны тэргүүн сарын 15-нд гурван дүйчэн нэгэн дор давхцдагаараа онцлог учраас эл өдрийг бусад дүйчэнгээс ихэд чухалчилж тэмдэглэсээр иржээ.

            Ямар гурван дүйчэн нэг дор давхацдаг гэвэл эхийн хэвлийд оршсон, Бурханы хутагт хүрсэн, таалал төгссөн гэсэн гурван дүйчэн нэг дор тохиодог болно.

            Тэгэхээр Бурхан багшийн дүйчэн өдрийг тэмдэглэх нь наад утгандаа түүний гайхамшигт сургаал ном, үзэл санааг бишрэн дагадгийн хувьд баяр талархлаа илтгэх, цаад утгандаа бид өөрсдийн амьдралд эерэг таатай, амжилт бүтээлтэй зол завшааны үндэс суурийг талбих учир бэлгэдэл болох юм. Үүнийг бид “Буян хийх, буян хураах” гэсэн нэрээр ойлгоцгоодог билээ.

            Мөн нөгөөтэйгүүр Бурхан багш энэ ертөнцөд эл өдрөөр амьдралынхаа онцлог зүйлсийг давхацуулсан нь цаагуураа амьтнаа туслахын учиртай гэж үздэг тал бий.

            Сар бүрийн 15-ны тэргэл үеэр тэнгэр асура нар байлдах, тэгснээр энэ дэлхийд өвчин зовлон, ган зуд болдог гэдэг учир тэдгээр өдрүүдэд хүмүүн төрөлхтөн буян хийж байваас ертөнц дэлхий амар амгалан оршихын суурь тавигдана гэж ч хэлдэг байна.

            ДҮЙЧЭН ӨДРИЙН ЁСЛОЛ ДЭЛХИЙ ДАХИНД

НҮБ-ийн Ерөнхий Ассемблейн  54 дэх чуулганаар,  1999 оны 12-р сарын 15-ны өдөр “Бурхан багшийн Их дүйчэн өдөр (Весак)-ийг олон улсын тэмдэглэлт өдөр” болгох тухай A/54/.59 тогтоолын төслийг баталснаар дорнын тооллын зуны эхэн сарын 15-ны өдрийг жил бүр олон улсын тэмдэглэлт баярын өдөр болгохоор баталжээ.

            Тэр төслийг батлахад оролцсон, НҮБ-ийн гишүүн бөгөөд Бурханы шашинт Азийн зарим орнуудын төлөөлөгч нар Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг тэмдэглэхийн ач холбогдлыг хэрхэн онцлон өгүүлснийг энд товч дурдваас сонирхолтой байх болов уу.

            Шри-Ланк улсын төлөөлөгч Де Сарам:

“…..өнөө үед 2500 гаруй жилийн түүхтэй тэмдэглэлт өдрийг НҮБ дэлхий дахинд дурсан сануулах учиртай. Зовлонгоос жинхэнэ, бүрэн ангижрах нь хүний өөрийн үнэн зөв, бүрэн ойлголт, бодол, хүсэл санаагаа хянаж удирдах, ариусган хөгжүүлэхээс хамаардагийг гэгээрсэн Бурхан багш бодитоор болгоож, арга замыг нь зааж өгсөн юм. Хүний оюун санааны ийм төлөв байдал бусдыг энэрч хайрлах, туслах, үнэний мөн чанар, жинхэнэ аз жаргалын зам мөрд хөтөлдөг. Бурхан багш “Дайн тулааны талбарт сая сая хүнийг дийлж болно. Харин өөрийгөө ялан дийлсэн хүн л жинхэнэ ялагч” гэж хэлжээ. Бурхан багшийн сургаал ингэж Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Зүүн Азийн улс оронд анхлан тархан дэлгэрч, сая сая ард олны амьдралд аз жаргал, амар амгалан, ойлголт өгч ирсэн, одоо ч үргэлжилж байна. Шри-Ланк улсад 5 сард зохион байгуулагдсан Олон улсын Бурханы шашинтнуудын бага хурлын шийдвэрээр дэлхийн 150 сая гаруй Бурханы шашинтнуудын тэмдэглэлт өдөр буюу Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн үйл явдал давхацсан Зуны тэргүүн сарын  Шинийн 15-ны өдрийг Олон улсад Бурхан багшийн Их Дүйчэн тэмдэглэлт баярын өдөр болгохоор НҮБ-д хандсан билээ.

Бурхан багш МЭӨ VI зуунд одоогийн Непалийн Лумбини гэдэг газар хааны хүү Сиддхарта Гаутама болж мэндэлжээ. Ханхүү дээд язгуур, элбэг баян амьдралыг авсан ч хүмүүсийн зовлон түүний сэтгэлийг маш их шаналгадаг байсан юм. Тэр өөрийн баян чинээлэг, эрх ямбаас татгалзаж, хүмүүсийг зовлонгоос ангижруулах арга замыг олохын тухайд олон жил хүнд хатуужлыг туулж, төөрч зовж, бясалгаж байжээ. Ингэсний эцэст, зовлонгоос бүрэн ангижрах, жинхэнэ ойлголт, арга замыг олж, хэрэгжүүлж, гэгээрэлд хүрчээ. 

Бурхан багшийн амьдрал, үлгэр дуурайлал өнөөг хүртэл дамжин ирж, түүний сургаал олон зууны турш дурсагдан,  III зуунд Энэтхэгийн агуу дайчин Ашок хаан Бурханы сургаалыг дагаж, эзлэн түрэмгийлэл, дайн тулаан хийхээс татгалзсан юм. Энэ хүн бол өөрийн хүү Махинда, охин Сангамиттаг Шри-Ланкад илгээн, Бурханы сургаалыг түгээсэн агуу дайчин Ашок хаан юм. Түүний гүнж Сангамитта нь Бурхан багшийн мөчир дор нь суугаад, гэгээрлийн хутгийг олсон ариун бодь модны үр суулгацыг Шри-Ланкад авчирч суулгасан байна. Бурханы сургаал, ариун бодь мод Шри-Ланк улсад хэдэн мянган жилийн турш дэлгэрэн хөгжиж өнөөг хүрчээ. Ариун модыг Шри-Ланкад одоо Анурадхапура гэж нэрлэн, ард түмэн бүгд хайрлаж, хүндэтгэдэг юм.

Энэ мод хиндү, христ, муслим зэрэг янз бүрийн итгэл үнэмшил, шашин шүтлэгтэй хүмүүст хүрч бидний шүтэн залбирдаг шашиныг хүндэтгэн ойлгож, хүлээн зөвшөөрч, нэгтгэдэг ариун шүтээн болсон. 

Цаашид ч энэ байдал Шри-Ланк улсад зуун зуунаар үргэлжлэх болно.  Энэ тогтоолын төслийг дэмжигчдэд гүн талархал илэрхийлэхийн ялдамд дэлхийн олон зуун сая Бурханы шашинтны тэмдэглэдэг баяр, Бурханы шашны хамгийн ариун энэ өдрийг олон улсад Бурхан багшийн Их дүйчэн баярын тэмдэглэлт өдөр болгох тухай Тогтоолын төслийг хүлээн авч, батлан, НҮБ-ын төв оффис, НҮБ-ын бусад салбар газарт тэмдэглэн өнгөрүүлэхээр зохицуулахыг би хүсч байна. Тэмдэглэлт өдрийг зохион байгуулах зохицуулалтын ажил НҮБ-д өртөг зардал гаргалгүй, тохиромжтой байх нөхцөлийг хангах үүднээс Нарийн бичгийн алба болон Байнгын ажлын хэсэгтэй зөвлөлдөж шийдэх боломжтой.  Тогтоолын төслийг дэмжигч нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн  өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгох тухай энэхүү тогтоолын төслийг сайшаан дэмжих боломж олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэхүү А/54/L59 тогтоолын төслийн дэмжигчид нь Бангладеш, Бутан, Камбож, Чили, Кипр, Гренада, Исланд, Энэтхэг, Индонези, Ирланд, Лаос, Мальдив, Монгол, Мьянмар, Балба, Пакистан, Филиппин, Португал, БНСУ, ОХУ, Сейшелийн арал, Словак, Испани, Шри-Ланк, Суринам, Тайланд, Украйн зэрэг улс бөгөөд Грек, Маврики, Норвеги, Турк улс  дэмжихээ илэрхийлсэн болно….” хэмээжээ.

 Тайланд улсын төлөөлөгч Вирасамбан:

“Олон янзын шашин соёлт улс үндэстнүүдийн дотроос дэлхийн Бурханы шашинтуудын хамгийн том хаант улсын төлөөл болж энэ индэр дээрээс үг хэлэх болсон нь миний хувьд их хувь завшаан юм.

Бурханы шашинтнуудын хувьд Бурхан багшийн Их дүйчэн өдөр буюу Тайланд хэлээр Висака нь онцгой ач холбогдолтой билээ.

Энэ нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдалд давхцсан тэмдэглэлт баярын өдөр болно.

Иймд энэ нь Бурханы шашинд хамгийн чухалд тооцогддог өдөр юм…

Бурхан багшийн 2500 гаруй жилийн өмнө айлдсан энх тайван, амар амгалан, сайхан сэтгэл, энэрэл нигүүслийн түгээмэл сургаал бүхий мэссэж нь өнөөг хүртэл учир холбогдолоо алдаагүй.

Хүн хүндээ сайхан сэтгэлээр хандаж, харилцан ойлголцоr, энэрэx нигүүлсэх нь Бурханы шашинтнуудын сүсэг бишрэлийн мөн чанар, шалгуур юм.

Бурханы шашин нь хувь хүн эсвэл нийгэм хоорондын аливаа маргааныг тайван замаар шийдвэрлэх замыг үргэлж чухалчилдаг.

Хэт өрсөлдөөн бий болохоос зайлсхийдэг. Элдэв хүчирхийлэл, дарангуйллаас сэрэмжлэн холдуулдаг.

Иймээс Бурханы шашин амар амгалан гэсэн үг юм. 

Бурханы шашин хувь хүний сонголт хийх эрх чөлөөнд бат итгэж, хүний бодол, үзэл санааны ялгаатай байдлыг хүндэтгэдэг тул бусдад үзлээ тулгахаас татгалздаг. Иймд “тэвчил, тэвчээр” бол Бурханы шашны гол зарчим болно.

Тайланд улсад тэвчээр ялангуяа шашины тэвчээр нь манай Үндсэн хуулийн үзэл санаанд тусгалаа олсон байдаг бөгөөд энэ нь ч Тайландын амьдралын ёс заншилд төлөвшиж тогтсон байдаг.

Тайланд улсын Хаан нь бүх итгэл үнэмшилийг дэмжигч болдогийн хувьд манай улсад Бурханы, Муслим, Христ, Хиндү, Сикийн бүх шашин шүтэгчидээр бид бахархдаг.  Эцэст нь хэлэхэд, Бурханы шашин нь төв үзлийг номлодог. Бурханы шашинтнуудын нэрлэдэг “Төв үзлийн зам” нь хэт даврах үзлээс зайлсхийж амьдрах  ёс юм. Төв үзэл нь Бурханы шашинтнуудын бусдад хандах үйлдлийн суурь болж үйлчилж, дэлхий дахинд илрэх хэт даврах үйлээс биднийг хамгаалдаг….” гэжээ.

 Сингапур улсын төлөөлөгч Ли:

“Энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь хүмүүнлэг энэрэнгүй сэтгэл, оюун санааны агуу их багш Бурхан багшийг хүндэтгэх зохистой илэрхийлэл юм.

Бурхан багшийн сургаал дэлхийн хүн амын дөрөвний нэг орчим хүмүүст удирдамж чиглэл, урам зориг өгдөг юм.

Үнэн хэрэгтээ, Бурхан багшийн сургаал номлол нь энх тайван, амар амгаланд хүрэх, улс орон нөгөөхийхөө үнэт зүйлсийг харилцан хүндэтгэдэг байхад зорьсон НҮБ-ын байнгын хүчин чармайлтад мөн урам зориг, сургамж өгөх болно. 

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг Сингапурт Цэцгийн баяр гэж гэж нэрлэх нь бий. Энэ баяр манай улсын дөрвөн том баярын нэг. Сингапурын хүн амын гуравны нэг нь Бурханы шашинтнууд юм. Бурхан багшийн Их дүйчэн өдөр олон нийтийн баяр амралтын өдөрт тооцогдох бөгөөд ислам, христ, хиндү зэрэг шашин шүтдэг ард иргэд Бурхан шашинтан найз нөхдийн хамт энэ баярыг хамтдаа тэмдэглэдэг. Ингэж янз бүрийн шашин шүтдэг хүмүүс хамтдаа энэ баярыг тэмдэглэдэг нь янз бүрийн шашин, арьс өнгөөс үл хамааран өөр хоорондоо эвсэн нэгдэж, хамтдаа оршиход тусгал болдог юм.

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон улсад хүлээн зөвшөөрөх нь, бусад шашины соёл иргэншилтэй улс орнуудыг Бурхан шашны соёл иргэншил болон зан заншлын талаар мэдлэг олж авах, бидний харилцан ойлголцлыг илүү гүнзгийрүүлэхэд зөвхөн туслах болно.

Өөр өөр сүсэг бишрэлтэй хүмүүс хоорондын харилцаа ингэж нэмэгдэх нь бусдынхаа соёл заншил, шашны соёл иргэншлийг илүү гүн гүнзгий сурч мэдэхэд чиглүүлэх илүү чухал ач холбогдолтой юм. Олон соёл иргэншилт улс орнууд мэдлэг, уран бүтээлээ солилцож, үргэлж баяжин тэлж байдаг.   

 “Зөв ойлголт, зөв үйлдлээр үл шийдвэрлэгдэх асуудал гэж үгүй. Гэхдээ асуудал бүр нарийн түвэгтэй хэдий ч, өөртөө шийдвэрлэх арга замыг агуулж байдаг” гэж Бурхан багш айлджээ…..” гэжээ.

Бангладешийн төлөөлөгч Али:

“Бурхан багшийн Их дүйчэн баярын өдрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх тухай Шри-Ланк улсын төлөөлөгчийн гаргасан мэдэгдэлтэй Бангладеш улс анхнаас нь дэмжиж ирсэнийг илэрхийлэх боломж олгогдлоо. Энэхүү тогтоолын төслийг дэмжиж үг хэлэх болсон нь миний хувьд их хувьтай хэрэг билээ… Ази болон дэлхийн бусад оронд, Бурхан багшийн их Дүйчэн өдрийг Бурханы шашны хамгийн ариун өдөр баяр болгон тэмдэглэдэг. Дэлхийн олон сая Бурхан шашинтан энэ өдрийг Бурхан багшийг эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн чухал өдөр гэж тэмдэглэж байна. Бангладеш  улс Бурханы шашны соёл иргэншилтэй түүхэн холбоотой.

Манай улсад Бурханы шашинтан маш олон хүмүүс бий. Бид Бурханы багшийн Их дүйчэн өдөр буюу Будда Пурнима баярыг үндэсний баяр болгон өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм.  Шинэ мянган гарч буй энэ үед, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх талаар дэлхийн байгуулага өнөөдөр хэлэлцэж байгаа нь тун тохиромжтой байна. Энэ нь дэлхийд аз жаргал, ойлголцол, амар амгаланг авчрахыг зорьсон Бурхан багшийн эртний, агуу сургаалыг эргэн харах боломжийг бидэнд олгож байна….” хэмээжээ.

 Бутан улсын төлөөлөгч Прадхан:

“Ерөнхий Ассемблейгаас Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгох асуудлыг  НҮБ-д авч хэлэлцэхээр шийдсэн явдалд би туйлын их баяртай байнаа.

Мөн энэ асуудлыг санаачлах анхны алхамыг хийсэн Шри-Ланк улсад бид талархлаа илэрхийлье. 

Энэ асуудлыг Ерөнхий Ассемблейн чуулганд танилцуулах нь цаг үеэ олсон, НҮБ-ын одоогийн бусад санаачлагууд үр дүнд хүрэхэд хувь нэмэр оруулах болно.

Тэсвэр тэвчээр, олон талт ялгааг хүндэтгэх байдлыг түгээн дэлгэрүүлэх нь тэдгээр бүгдийг хамарч дурсан санаж, тэмдэглэх нийтлэг огтолцол нь болно.

Олон улсад тэмдэглэлт өдөр болгосноор Бурханы шашны үзэл сургаал бидний нийгэм дэх ялгаатай байдлыг дэлхий илүү ихээр ойлгож, үнэлж үзэх байдлыг нэмэгдүүлэх замаар дээрх үйл ажиллагааны зорилтуудыг бэхжүүлж, урагшлуулж, үргэлжлүүлэх хувь нэмэртэй гэж бид итгэдэг.  

Энэ нь манай нийгэмд олон талт байдлын талаар илүү их ойлголттой болж гүнзгийрэхэд Буддын шашны оруулсан хувь нэмрийг олон улсад хүлээн зөвшөөрснөөр эдгээр үйл явцын зорилгыг улам бэхжүүлж, цаашдын зорилгыг улам өргөжүүлнэ гэдэгт би итгэдэг…..” гэжээ.

НҮБ-ийн Дэд ерөнхийлөгч Ингольфссон (Исланд):

“Бутан, Гималайн бүс нутагт энэ тэмдэглэлт өдрийг Сагадава, санскрит болон энэтхэгийн уламжлалаар Вайсах гэж нэрлэдэг. Дэлхийн Бурханы шашинтан олон сая хүмүүсийн хамгийн чухал ариун өдөр болсон энэ тэмдэглэлт баярын өдөр нь Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу жил бүрийн 5 дугаар сард ихэвчлэн тохиодог.

Энэ өдөр Бурхан багшийн амьдралын гурван чухал үйл явдлыг онцолж үздэг. Энэ өдөр Бурхан багш эхээс мэндэлсэн (МЭӨ 563 он), гэгээрлийн хутгийг удаа дараа олсон, Нирваан дүрийг олсон юм. 

Бурхан багш гэж алдаршсан Сиддхарт Гуатама нь  МЭӨ 563- 480 онд Энэтхэгийн хойд хэсэгт амьдарч, хүн төрөлхтний хамгийн эртний шашны нэг Бурханы шашны сургаал номлолыг дэлгэрүүлсэн юм.

Түүний амьдрал, сургаал нь бусад шашин, үзэл онол, ёс суртахуун, амьдралын хэв байдал зэрэгт чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Азид анх дэлгэрч, бусад тив улсуудаар тархан дэлгэрсэн байна. 

Буддын шашны сургаал мөн чанарын хувьд нийтлэг гэж тооцогддог. Бурханы шашин хүний амьдралд  хүчирхийлэлгүй, амар амгалан энхтайвнаар харилцан хамаарч амьдрах, тэсвэр тэвчээрийг дэлгэрүүлдэг.

Энэ нь хамаг амьтныг хүндэтгэх арга болсон нөөц баялаг, байгаль орчноо хамгаалах, хайрлахыг хүмүүст сургадаг.

Энэ шашны олон зарчим нь бусад томоохон шашин болон НҮБ-ын дүрэмд тусгагдсан үндсэн зарчмуудтай нийцдэг.

Дэлхийн олон сая хүмүүст чухалд тооцогдох энэхүү тэмдэглэлт өдрийг олон улсад тэмдэглэлт өдөр болгох тухай А 54/L59 тогтоолын төслийг зөвшөөрч батална гэж бид итгэж байна…..” хэмээсэн байна.  

 Испани улсын төлөөлөгч Флорес:

“НҮБ бол дэлхий ертөнц дээр харилцан шүтэлцэж орших янз бүрийн шашин шүтлэг, соёл, гүн үзлийн уламжлалуудыг хамтад нь нэгтгэх онцгой эрхтэй чуулган юм.  Хүн төрөлхтний оюун санааны өв уламжлалд дэлхийн янз бүрийн шашны оруулсан хувь нэмрийг НҮБ хүлээн зөвшөөрч байгаа нь харилцан ойлголцолыг хөхиүлэн дэмжих тэсвэр тэвчээрийн сэтгэлийг өвлүүлэн хадгалахыг Гишүүн улсуудын үүрэг болгож буйн илрэл мөн….” хэмээн дэмжсэн байна.

Бирм (Мьянмар) улсын төлөөлөгч Мра:

“НҮБ-ын дүрэмд биднийг бие биедээ хүлээцтэй хандаж, энхтайвнаар сайн хөрш болж оршихыг уриалдаг. Тэсвэр, тэвчээрийн хандлага нь хүчирхийллийн хандлагыг үгүй хийж, амар амгалан, энх тайванч хандлагыг төрүүлдэг. 

Бурхан багш тэвчээр, энэрэл нигүүлсэл, амар амгалан сэтгэлийн ач тусын талаар сургадаг.

Бурхан багшийн сургууль олон сая хүнд хүрч, хүн төрөлхтний бодол санаа, амдралд гүн гүнзгий нөлөө үзүүлээр ирсэн.

Бурхан багшийн тэвчээр, энэрэл нигүүлсэл, амар амгалан, энхтайванч хандлагын талаарх сургаалын утга санаа дэлхий даяар нийгмийн ёс суртахуун, зан суртахууны үндэс нь болдог. ……Бурхан шашин нь энхтайвныг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн. Энхтайвныг гол зорилгоо болгодог НҮБ нь олон сая Бурханы шашинтнуудын хувьд хамгийн ариун энэ өдрийг олон улсын түвшинд анхаарлыг хандуулах нь боломжийг мөн бидэнд олгож байна.

 Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр нь Бурханы шашны хамгийн чухал ариун өдөр юм.

 Энэ өдрийн онцлог нь Бурхан багшийн амьдралын хамгийн чухал гурван үйл явдал давхцсан байдаг.

Бурхан багш МЭӨ 623 онд Зуны тэргүүн сарын Шинийн 15-нд Лумбини цэцэрлэгт мэндэлж, дэлхийн хамгийн агуу их шашны мэргэдийн нэг болох хувьтай төрсөн юм. Тэр төгс үнэний эрэлд гарч, 6 жил хатуу бясалгалд суун, 35 насанд гэгээрлийн хутгийг олсон өдөр нь мөн Зуны тэргүүн сарын Шинийн 15 байсан юм. 

Бурханы хутгийг олсны дараа Бурхан багш хүн төрөлхтөнд тэвчээр, энэрэл нигүүлсэл, амар амгалан, энхтайванч сэтгэлийг төрүүлэх мэссэжийг өгч, амьдралын үлдсэн хугацаагаа сургаал айлдахад зориулсан юм.

Хүн төрөлхтний төлөө зориулсан түүний үйл хэрэг, билиг оюун, энэрэл нигүүлсэл, үлгэр жишээ амьдралын хэв маяг нь Бурхан багшийг хамгийн агуу их шашны тэргүүн гэж олон сая хүнээр хүлээн зөвшөөрөгдөх үндсэн хүчин зүйлс болсон юм.

Хүн төрөлхтний оюун санааны хөгжилд уйгагүй, хариу нэхэлгүй зүтгэсний эцэст Бурхан багш 80 насандаа өөд болсон өдөр нь Зуны тэргүүн сарын Шинийн 15 байсан.  Мьянмар улсын хүн амын бараг 90 хувь нь Бурханы шашинтан юм.

Тогтоолын төслийн дэмжигчийн хувьд бид Бурхан багшийн Их дүйчэн өдрийг өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгохыг дэмжиж байна. Энэхүү тогтоолын төслийг баталснаар Бурханы шашны хүн төрөлхтний оюун санааны хөгжилд оруулсан хувь нэмрийг баттай хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно гэж бид үзэж байна.” Гэжээ.

Балба (Непал) улсын төлөөлөгч Шах:

“Бурхан багшийн Их дүйчэн өдөр буюу 5 дугаар сарын тэргэл сартай энэ өдөр гурван чухал үйл явдал давхцсан өдөр юм.

Энэхүү билигт сайн өдөр буюу 2500 жилийн  өмнө Гаутама Бурхан багш Лумбини цэцэрлэгт мэндэж, 35 насандаа Бодь модны дор сууж гэгээрэлд хүрч, 80 насандаа  Кусинагард нирваан дүрийг үзүүлжээ.    

 Бурхан багшийн сургаалын мөн чанар нь хүн төрөлхтөн, энх тайван, энэрэл нигүүлсэл, тэсвэр тэвчээр, хүчирхийллээс ангид байх явдал бөгөөд олон зуун жилийн турш өнөөг хүртэл ач холбогдол нь хэвээр байна.

 Бурхан багшийн сургаал нь бүгд тэгш эрхтэй, бие биенээ хүндэтгэж, салан тусгаарлахаас ангид байх  НҮБын дүрэм, үзэл баримтлал, зорилго, зарчимтай сайтар нийцдэг. Ийм ариун нандин, өвөрмөц сургаалыг Бурхан багшийн Их дүйчэн өдөр түгээн, олон сая хүний амьдралд урам зориг хайрласан гэрэл нь болжээ.

 Бурхан багшийн сургаал олон зууны турш өндөр уулс Гималайг гатлан, тивээс тивд дамжин, энх тайван, шударга ёс, хичээл зүтгэлийн бэлгэдэл болсон юм.  

   Лумбини цэцэрлэг нь өнөөдөр дэлхийн өв соёл болсон алдартай газар билээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Лумбини хотод болсон олон улсын Бурханы шашинтнуудын чуулга уулзалтаар Бурхан багшийн төрсөн газрыг энх тайвны үл шавхагдах өв сан гэж тунхаглав.

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг Непалд Лумбини өдөр гэж хүлээн зөвшөөрч, мал амьтны амь таслах, бойны газар ажиллахыг  албан ёсоор хориглодог, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү агуу соёл, шашны өвийг өвлөсний хувьд Непал улс нь Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх тухай А/54/L59 тогтоолын төслийг идэвхтэй дэмжигч нь болсон нь нэр төрийн хэрэг юм…..” гэжээ.

 Пакистан улсын төлөөлөгч Хаку:

 “Түүхийн урт хугацаанд янз бүрийн ард түмэн, шашин, соёл заншил, үзэл санааны хүрээнд хийх уулзалтын газар нь Пакистаны нутаг дэвсгэр байсан юм. Газарзүйн хувьд, Пакистан нь Өмнөд Азийн ард түмнийг Баруун Ази, Төв Ази, Хятад болон бусад хөрш улсад чиглүүлж, холбодог уламжлалт төв зам болно.

Тухайн нутагт үүссэн олон соёл иргэншлийн харилцан үйлчлэл нөлөө олон зууны туршид манай оронд өвөрмөц, нарийн түвэгтэй нийгэм, соёлын бүтэц, ёс суртахууныг бий болгосон.     

Пакистаны баруун хойд хэсэг нь Бурханы шашны алдарт Гандхара соёл иргэншлийн өлгий нутаг байсан.

Нэгдүгээр зууны үед Грек-Ромын урлаг, Бурханы шашны уламжлалыг нэгтгэн Гандхараагийн урлаг үүссэнээр энэ газар нутаг дахь олон мянган суварга, хийдийг чимэглэж байсан Бурхан багшийн амьдралын болон сургаалын янз бүрийн асуудлыг чулуугаар дүрслэн харуулжээ.   

  Бурханы шашны нөлөө манай бүс нутгаар үл хязгаарлагдан, дэлхийн өнцөг булан бүрт тархсан.

Бурхан багшийн сургаал, захиасыг дэлхий даяар хүндэтгэн биширч байна. Бурханы шашны Өмнөд Ази,  дэлхийн бусад ард түмний соёл, урлаг, соёл иргэншилд оруулсан хувь нэмэр асар их юм.

Бурхан багшийн түгээсэн  энх тайван, энэрэл нигүүлслийн  үнэн бодит түүх, сургаалыг ихэнх шашин итгэл үнэмшлийн тогтолцоо болгон хуваалцдаг. Бурхан багшийн нүглийг тэвчиж, буян хураан, оюун ухаанаа гэгээрүүлэхийг уриалсан төв үзлийн сургаал нь гайхамшигтай, алсын хараатай эрхэм нандин захиас юм.    

 Бид  А/54/L59 тогтоолын төслийг дэмжиж байна. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг олсон чухал гурван үйл явдал давхцсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон улсад хүлээн зөвшөөрөхийг дэмжиж байна. НҮБ-аас Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэх нь Бурханы шашны төрөлхтний оюун санааны хөгжилд оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болно.” хэмээжээ.  

 Энэтхэг улсын төлөөлөгч Шарма:

“Бид Ерөнхий Зөвлөлийн хуралдаанд Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэх асуудлыг оруулах эсэхийг хэлэлцэх үеэр үүнд сэтгэл хангалуун байгаа гэж хэлснээ дахин нэг удаа илэрхийлэхдээ баяртай байна.

Шри-Ланк улсын төлөөлөгч Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон улсад хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэх саналыг Ерөнхий Зөвлөлд баталсан.

 Бурхан багшийн сургаал номлол хүн төрөлхтний түүхэн дэхь гайхамшигт өөрчлөлтийн нэг бөгөөд дэлхийн оюун санаа,  ёс суртахууны үнэт зүйл болсон байна. Иймээс дэлхийн соёл иргэншлийн өв уламжлалд өрнөж буй энэхүү тод томруун, тодорхой үеийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь нийтлэг ёс суртахуун, ёс суртахууны үйлдэл болно. Чухамхүү хувь хүний хүчин чармайлтаар гэгээрэлд хүрч болох ойлголт нь олон сая хүний аврал, итгэл найдварыг дагуулсан Бурхан багшийн сургаалын цөм болно.

Шри-Ланк улсын  төлөөлөгчид энэ санаачлагыг гаргасанд нь баяр хүргэж, НҮБ-д Бурхан багшийн Их дүйчэн өдрийн тэмдэглэх ёслолын үйл ажиллагаанд бид идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна…..” хэмээн хэлжээ.

Дэлхий дахинаар “Бурхан багшийн Их Дүйчин өдрийг тэмдэглэх”саналыг дээр сая дурдсан орнуудаас гадна, Грек, Лесото, Маврик, Никарагуа, Норвеги, Турк, АНУ зэрэг улс орнууд дэмжсэн байна. Ингэснээр 2000 оноос эхлэн жил бүрийн Зуны эхэн сарын 15-ны өдрийг Дэлхий дахины тэмдэглэлт өдөр болгосон тогтоолыг НҮБ баталжээ.